Tuesday, May 15, 2012

БИ ЗУРАГ АВАХ ДУРТАЙ


Би зураг авах дуртай. Сагсан бөмбөгийн зураг авах бүр дуртай. Сагсан бөмбөгт дуртай болохоор, миний зураг авах сонирхол бас сагсан бөмбөгтэй холбоотой. Гэхдээ би мэргэжлийн зурагчин биш. Тэр ч байтугай зургийн дугуйланд суралцаагүй, сургалтанд ч явж байгаагүй. Зураг авдаг болоод нэг жил л болох гэж байна. Энэ нэг жилийн хугацаанд харин маш олон зураг авсан. Сайн муу олон зурагнууд авсаар одоо л дөнгөж зураг авна гэдэг их хэцүү гэдгийг ойлгож эхэлж байна.

Урьд нь би зураг аваад л, хүмүүст үзүүлээд л, хүмүүс намайг магтаад байсан. Би мундаг зураг авч байна гээд хөөрөөд байсан чинь одоо тэр зурагнуудаа харахаар надад гологдоод байна. Би мундаг зураг аваад сурчихсан гэсэн үг биш л дээ, зүгээр л мундаг зураг авахыг хүсэвч олигтой зураг бүтээж чадахгүй байгаа гэрэл зураг сонирхогч төдийхөн л байна. Өнгөрсөн жилийн лигийн тэмцээний үеэс эхлээд зураг авч эхэлсэн. Дараа нь багуудын бэлтгэл дээр, зун болсон гудамжны сагсан бөмбөгийн “Гурвын эсрэг гурав”, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, намар болсон Холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээн, “Спрайт лиг” гээд тэмцээнүүд дээр очиж зураг авсан.
Өөрөө зураг авах хоббитой болчихоор бусад хүмүүсийн авсан зургийг ч гэсэн үзэх дуртай байдаг юм. Гэвч Монголын сагсан бөмбөгчдийн зураг бараг байдаггүй юм байна. Сонины сурвалжлагчид, ганц нэг сонирхогчдын авсан зураг л байдаг. Эсвэл олон улсын тэмцээний үеэр авахуулсан зургууд л байдаг юм билээ. Гэвч тэдгээр зургуудыг олж үзэхэд их хэцүү бараг л олддоггүй юм байна. Тэгээд би блог нээж, авсан зурагнуудаа бусадтай хуваалцахаар шийдсэн. Нэг их мундаг биш ч гэсэн, зарим хүмүүст таалагдаж байгаа бол болоо. Сагсан бөмбөг миний нүдээр яажшуухан харагддагийг би хүмүүст хүргэж байна.
Спортын гэрэл зураг авах ер нь хэцүү. Тийм их хурд хүч, тэсрэлтийг гүйцэхэд хэцүү. Хурдыг нь гүйцэхээс гадна тухайн спортыг ойлгох хэрэгтэй. Ер нь спортын гэрэл зураг авч баримтжуулахад маш их авъяас, чадвар, мэдрэмж шаардлагатай бололтой. Ганцхан сагсан бөмбөгийн зураг авах гээд оролдож ядаж байхад бусад спортынхыг бол бүр чадахгүй юм билээ. Волейболын зураг авах гэж оролдож үзсэн л дээ. Ёстой бүтэхгүй юм билээ. Хэн хаашаа цохих гээд, яах гээд байгааг ёстой бөө мэд. Бөх барилдаж байгаа зураг авах гэвэл аав шиг бөхийн хорхойтой байх хэрэгтэй байх. Олон адилхан нүцгэн бөхчүүдийн хэнийг нь гэж мэдэх юм бэ, тэгэхээр яаж тэр гоё мэх, уран барилдааныг нь авахав дээ. Ёстой ядаргаа.
Тэрэн дор бол харанхуй ч гэсэн спортынхоо ордон дотор, сагсчдын зураг авах нь дээр. Харанхуй гэснээс, манай спортын ордон нээрээ гомдмоор харанхуй юм аа. Яг сонирхолтой тоглолтууд нь дандаа харанхуйд, гэрэл муутай үед болно. Тийм муу гэрэлтэй үед, хангалттай сайн техник хэрэгсэлгүйгээр, тийм хурдтай, нисэлттэй нөхдүүдийг олж, сайн фокустай, гоё довтолгооны торгон агшныг олж зургийг нь авна гэдэг ямар хэцүү гээч. Ядаж байхад харанхуйд хар легионерууд нь бүр ч фокусгүй гарахыг нь яана. Би арьс өнгөөр ялгаварлаж байгаа юм биш шүү. Тэр муу камер чинь л “арьс өнгөөр ялгаварлаад” фокус муутай аваад байдгийн. Дээр нь тэр ордны муу гэрэл чинь “арьс өнгөөр ялгаварлаад” муу гэрэлтүүлээд байдгийн.
Ордонд зураг авах гэж би дандаа билет авдаг. Хааяа таньдаг ах нарыг дагаж, суган доор нь ордонд ордог л доо. Гэхдээ л ихэнхдээ билет авдаг. Сагсан бөмбөгийн холбооны нүдний шилтэй өвөө байнга загнана. Холд, гар, гадуур нь яв гээд л. Хамгаалагч нар нь зураг авахуулахгүй гэж тэнэгтэнэ. Гэхдээ л би завсрыг нь олоод зургаа авсаар л байгаа. Мөнгөө төлөөд орчихсон үзэгч зургаа ч авна уу, бичлэгээ ч хийнэ үү, дурын асуудал л даа, уг нь. Харин энэ жил би албан ёсны мандаттай болсон. Сагсан бөмбөгийн холбоо надад албан ёсоор зураг авах эрх олгосон. Би дуртай үедээ, орж хүссэнээрээ зураг авах боломжтой болсон.
Гэхдээ, дээр нь зөндөө их зав хэрэгтэй. Даанч хичээл мичээл гээд зав хүрэхгүй. Зургаа үзэж, ялгана. Фокусгүй, чанаргүй, халтар, эсвэл шүүгч урдуур ороод, эсвэл үзэгч урдуур ороод зураг алчихсаныг нь устгана. Гоё сонирхолтой зургуудыг сонгож, төрөлжүүлж, хэмжээгий нь багасгана, тамгална. Блогтоо тавина. Хэмжээгий нь багасгаж, жижигрүүлэхгүй бол хүмүүс хүний авсан зургийг зүгээр л хуулаад өөрсдийнхөө PAGE дээр, фэйсбүүк дээр тавьчихдаг юм. Баярлалаа ч байхгүй, гомдмоор. Хэлэхээр зарим нь бүр олон юм ярина гээч, уур хүрмээр. Зураг авч тавихдаа, миний тамгыг кроплож, хасаад ичих ч үгүй тавчихаад, загнаад байдаг юм. Зураг “булаасан” хүмүүсийн зургийг би дахиж авдаггүй, авсан ч блогтоо тавьдаггүй. Маш гомдомтгой, гэхдээ жаахан л урмын үг сонсоод баярладаг, хэдэн өдрийн energy болдог.
Гэхдээ манай ах нар хэзээ ч тэгдэггүй. Дандаа надад урам хайрлаж байдаг. Нэг хэцүү нь, ах нар байнга л зургаа нэхнэ, Хүн хичээлээ хийгээд яг унтах гэж байхад л зургаа нэхээд байдгийн. Өглөө долоон цагт босож хичээлдээ яваад, хичээл тарангуут, ордонд очиж зураг аваад, орой арван цагт ирж хичээлээ хийгээд унтах гэж байхад зургаа оруулаач, зураг өгөөч гээд нэхээд байдаг, нэхэл хатуутай хүмүүс. Би ч бас дутахгүй өгөл хатуутай, зургаа үзэж засах гэсээр байтал зөндөө удна.   
Тэр гэрэл мэрэл, зав мав, загнуулах энэ тэр бол юу ч биш. Яг зураг авах болохоор мэдэхгүй чадахгүй юм зөндөө бий. Камерний автомат тохируулган дээр авсан зураг тэр бүр олигтой гардаггүй. Тэгэхээр заалны гэрэл, тамирчдын хувцасны өнгөтэй нийцүүлж тохируулах хэрэгтэй болно. Гэрэл мэдрэх чадвар, өрц, хурд гурвыг эхний ээлжинд тааруулах гэж зовж байна. Энэ хэдийг тааруулчихлаа гэхэд зураг авах байрлалаа маш сайн сонгох хэрэгтэй. Эндээс л гоё гарах байх гээд очоод суухаар дандаа нөгөө талаас нь довтлоод байдаг, хамаг гоё довтолгоо нөгөө талд болоод заал шуугиулаад байдаг, эсвэл дандаа нуруунаас нь зураг аваад байдаг. Энэ талд гоё довтолгоо өрнөх байх гээд хүлээж байтал нөгөө самбар дор үзүүштэй тоглолт, тохолт болохоор харамсаад л өнгөрөөхөөс өөр яах вэ дээ. Байрлалаа сонгох гээд тайлбайг зөндөө тойрно, хөөгдөнө, суудал олдохгүй, шүүгч урдуур ороод, үзэгчид орилж босч ирээд хамгийн гоё агшныг алаад хаячихна. Бүр уур хүрмээр.
Гоё байрлал олж авлаа гэхэд, сагсан бөмбөгийн тоглолтыг бас мэдэрдэг байх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл сагсан бөмбөгийг ойлгодог, уншдаг байхгүй бол болохгүй. Ингэж суртал мөн ч их зай байна аа. Одоо яг шидэх байх гэхэд дамжуулчихна, орлоо гэтэл зогсоод шидчихнэ. Хурдан довтолгоо явлаа гэж бодоход, нүд эрээлжлүүлсэн олон дамжуулалт, заримдаа хэн нь довтолсныг ч харж амжихгүй. Энэ тоглолтыг уншихын тулд тоглогчдыг сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь Ихээ ах хэзээ цацдаг, ямар үед дамжуулах вэ, хэзээ урсч орох вэ гэдгийг мэддэг байхын тулд Ихээ ахын тоглолтыг мэддэг байх хэрэгтэй юм шиг. Яг сагсан бөмбөгчин шиг. Ихбаярын довтолгооныг хааж зогсоох гэж байгаа хамгаалагч шиг л түүний тоглолтыг унших хэрэгтэй. Сайнаа ах, аль тал руугаа эргэх вэ, Төрөө ах хэнд дамжуулалт өгөх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Санчир ах бол хэдэн ч хамгаалагч байсан зоригтой довтолно гэдгийг мэдэхгүй бол яг тэр агшныг алдаж мэднэ. Сүүлдээ би дотроо тийшээ эргэнэ, тэрэн лүү дамжуулна гэх мэтчилэн боддог болчихсон байна лээ. Гэхдээ л бас болоогүй байгаа. Сүлдээ ах, Муушуу ах, Азаа ах, Бүүдээ ах, Од ах, Бадрах ах, Уугаа ах, Мэргэн ах, Батаа ах, Анар ах, Сэдээ ах, Болдоо ах, Сэргэлэн ах, Дөлгөөн ах гээд л бүгдийнх нь тоглолтын онцлог, ур чадварыг мэдэж байж, уншиж байж гоё зураг авах юм шиг байна. Гэхдээ сурах байх гэж найдаад, сурах гэж оролдоод л би зураг авч байна. Бүтэн жил зураг авах гэж хичээсээр, сагсан бөмбөгийн хорхойтой, сагсан бөмбөгийн зураг авах гэсээр байгаад зураг авах хобитой болсон байна. Би зураг авах дуртай, сагс тоглодог лигийн тэргүүнүүдийн зургийг гоёор авах би дуртай. Би сагсан бөмбөгийн хорхойтой, бас зураг авах хоббитой.  

1 comment:

  1. sain uu? negdugeert chi ih dajgui zurag avdag. bi anh iim joohon yum bj gerel zuragchid zurgiig ni sonirhoj avdaggui tegsen mortloo goy goy toglogchid, goy goy agshin gardag sagsan bombogiin sportiin zurgiig avch bgad mash ih gaihaj bs demjij bsan shu,. 2t oorigoo muu gj doosh ni hiih sain gj doviilgoh hereg bhgui bhoo chinii sain yumu muu zurag avdag gdgiig uzegchid sagsan bombog sonirhogchid heleed ognoo, 3t chi sagsan bombogiin tuuhiig avch bna shde, jishee ni turu jil bolon ene jil sagsan bombogiin deed lig yamar yamar toglogchid toglodog, togloj bgag avsan zuragnudas harah bolomjtoi, goy goy agshing harah bolomjtoi bolj bgaa 4t chinii avsan manai ligiin (sprite league) baguudiin togloltiin zurgiig avch ooorsdiin facebook page dee hiiseen, gehdee chinii nerig cut laad, tavisan zuil ogt bhgui, harin ch blogiin neriig chin tavij zurgiig B.Enkhbilig gj tavisan, ene ni bid oorsdiinhoo ligd toglogchdiinhoo zurgiig tavihas gadna chinii blogiig sagsan bombog meddeg sonirhdog huuhduuded surtalchihlj ogch bga gj bodoj bna 5t gerel zurag avna tiim ch amarhan bish gj bi boddog gehdee chi hicheevel chadnaa gdgt itgej bna za amjilt bichsen Bama

    ReplyDelete