Sunday, April 1, 2012

БҮХ ҮЕИЙН САГСЧДЫН “СУПЕР-ДЭЭД” БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ БОЛНО


    Энэ жил Монголын сагсан бөмбөг сонирхогчид азтай байхнээ. Юу гэвэл энэ жил бүх оддын гурван ч тоглолт болох юм байна. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны Спрайт супер лигийн бүх оддын тоглолт өчигдөр Эрдэнэт хотод амжилтай болж өнгөрсөн бол Монголын Сагсан Бөмбөгийн холбооны  Пепси дээд лигийн бүх оддын тоглолт энэ сарын сүүлээр болох тов гараад байгаа билээ. Харин Пепси болон Спрайт лигүүд аваргаа шалгаруулж дуусмагцаа Супер ба Дээд лигийн тамирчдын хооронд жинхэнэ бүх оддын халз тулааныг хийхээр ярилцсан байна.
 Энэ тоглолт нь МСБХ ба МҮСБХ –ны хоорондын өрсөлдөөн, СПРАЙТ брэнд ба ПЕПСИ брэндийн хоорондын халз тулаан, СУПЕР ба ДЭЭД лигийн бүх оддын багуудын хоорондын гал гарсан тэмцэлдээн болох учиртай ажээ. Монголд урд өмнө болж байгаагүй өндөр бооцоотой, олон сюрпризтэй энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр “МCS Coca cola”, “APU”, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Энержи Ресурс” хувьцаат компани, “Оюутолгой”, “Эрдэнэс Таван толгой”  компаниуд ажиллахаар болжээ.
МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Дашдорж болон МҮСБХ –ны тэргүүн Тулга нар энэ талаар урьдчилсан байдлаар ярьж тохиролцсон байна. Хоёр холбоо тус бүртээ 12 оддыг багтаасан тус тусын бүх оддын багийг бүрдүүлэх бөгөөд Эрдэнэт, Дархан хотуудад тус бүр нэг удаа бусад тоглолт нь Улаанбаатар хотод явагдахаар болжээ. Бүх оддын багт дунд үеийн сагсан бөмбөгийн одод заавал багтах учиртай бөгөөд оддын багууд 3-аас доошгүй ахмад оддыг багтаа оруулж,  талбай дээр дор хаяж нэг ахмад, “аварга улаан од” гэрэлтэж байхаар тохиролцжээ.   Тоглолтыг Спрайт лигтэй төстэй дүрмээр явуулна. Өөрөөр хэлбэл эхний үед тоглосон тоглогчид хоёрдугаар үед талбай дээр гарахгүй, гуравдугаар үеэс эхлэн сэлгээг чөлөөтэй хийх боломжтой болох юм байна. Спрайт бүх оддын багт одоогоор 2003 оны лигийн тэргүүн тоглогч Б.Пүрэвдорж, 1997 оны лигийн тэргүүн тоглогч  Ж.Майбаяр, 1999 оны лигийн тэргүүн тоглогч Ц.Шаравжамц нар тоглохоор яригдаж байгаа бол Пепси бүх оддын багт  1995 оны лигийн тэргүүн тоглогч Т.Түвшинбаярын нэр багтсан байна. Пепси бүх оддын багийн дасгалжуулагчаар Цэвэрбал, О.Баярцогт, Д.Уртнасан нарын нэр яригдаж байгаа бол Спрайт бүх оддын багийн дасгалжуулагчаар С.Тулга, Б.Дамба, Пак багш нарын аль нэг нь ажиллахаар яригдаж байна. Дасгалжуулагчдыг сагсан бөмбөг сонирхогчдын дунд санал асуулга явуулж сонгохоор тохиролцжээ. Шүүгчдийн багийг Солонгосоос урьж авчрах бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр Жаажаа буюу Энхсайхан ажиллах юм байна.  
ПЕПСИ бүх оддын багийн тамирчдын нэрс одоогоор тодорхой болоогүй бөгөөд легионер тоглогчид ч гэсэн орж болох юм байна. Харин СПРАЙТ бүх оддын баг 2005 оны лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяраар ахлуулан, 2010 оы лигийн тэргүүн тоглогч О.Ууганбаяр, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Мөнхболд, Том буюу Б.Билгүүн, мөн О.Нямбаяр, TLG13 клубийн тамирчид болох Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нарын тамирчдыг одоогоор нэрлээд байна.
Энэ удаагийн “СУПЕР-ДЭЭД” бүх оддын тоглолт нь шоу гэхээсээ илүү бүх оддын багуудын ширүүн тулаан болох төлөвтэй байна. Түрүүлж гурван хожил автлаа явагдах энэ удаагийн цуврал тоглолтод оролцсон тамирчид дасгалжуулагч бүрт 3 сая төгрөгийн шагнал гардуулахаар ярилцсан байна. Харин хожсон бүх одод үүнээс гадна 100 сая төгрөгийн бооцоог авах болно. Тэмцээнийг амжилттай болгох, үзэгчдийг өргөн хамруулах үүднээс Буянт-Ухаа дахь спортын шинэ цогцолбор руу автобусаар үнэгүй үйлчилж, сагсан бөмбөг сонирхогчдыг ододтой хамт зургаа авахуулах, гарын үсэг авах, дурсгалын бичээс хийлгэх боломжоор хангах юм байна. Бүх оддын багуудын нэрс гармагц тэдний зурагтай зурагт хуудсуудыг хэвлэх ажээ. Энэ тэмцээн нь 8 сард Монголд зохиогдох өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл болж байгаа юм байна.
Шийдэгдээгүй ганцхан асуудал үлдсэн нь МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилтой холбоотой гэнэ. Учир нь энэ жил сонгуулийн жил бөгөөд шинэ батлагдсан сонгуулийн хуулиар УИХ-д нэр дэвшигч нь ямар нэг спортын арга хэмжээнд оролцох, түүнийг сурталчилгаандаа ашиглах эрхгүй юм байна. Үүнээс болж хууль зөрчих асуудал гарах эсэхийг Сонгуулийн ерөнхий хороонд хандан лавлахаар асуулга хүргэхээр тохирчээ. Ямартай ч “СУПЕР-ДЭЭД” лигийн тэмцээн зохиогдох бололтой. Улс төр мөрөөс үл хамааран зохиогдоосой билээ гэж хүсэх л үлдлээ.   

1 comment: