Thursday, December 15, 2011

ЯАХ БОЛ?

Өнөөдөр МСБХ-ны дээд лигийн багуудын хооронд урьдчилсан сорилго тэмцээн эхэлж байна. Гэвч өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд оролцсон багуудаас нэг баг энэ тэмцээнд оролцохгүй болжээ. МСБХ-ны дээд лигийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, саяхан болж өнгөрсөн "Холбоодын цом-2011" тэмцээний аваргын цомын эзэн "Баянзүрх Буллс -МВМ" багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв Бридж констракшнтай хамтран ажиллахаасаа татгалзжээ. Бридж констракшны удирдлагууд түүнийг ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оруулсан бололтой. Ивээн тэтгэгч болон багийн дасгалжуулагчийн хоорондын зөрчил
өнгөрсөн жилийн лигийн тэмцээний хасагдах шатнаас л бараг тодорхой байсан юм. Энэ зөрчил нь ч тэдний амжилтад муугаар нөлөөлж, тааруухан үр дүнд хүргэсэн билээ.
Үнэндээ өнгөрсөн улиралд "Баянзүрх Булсс -МВМ" баг хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг байсан юм. 2005 оны лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр, 2009 оны лигийн тэргүүн тоглогч О.Сайнбаяр, өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн Т.Санчир, ур чадварын тэмцээнд түрүүлсэн Б.Батжавхлан нар энэ багт байлаа. 2010 онд Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг оны спортын шилдэг багаар шалгарсан бөгөөд энэ багт Г.Ихбаяр, О.Сайнбаяр, Т.Санчир нараас гадна Г.Баттөр, Б.Билгүүн нар багтсан байлаа. "БЗ Булсс-МВМ" багийн гарааны тав нь бүгдээрээ Монгол улсын шигшээ багийнхан байсан юм. 
Гарааны сайн тамирчдаас гадна хүчирхэг сэлгээний тамирчидтай баг л тэмцээнд амжилт гаргадаг. Б.Батжавхлан, Т.Мөнхсүлд, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр болон хашир туршлагатай тоглогч Д.Бат-Орших нарыг сэлгээний тоглогч гэж хэлэх аргагүй бөгөөд бусад ямар ч баг тэднийг дуртайяа гарааны бүрэлдэхүүндээ багтаахыг хүсэх байлаа. Багийн уур амьсгалыг бүрдүүлэгч, хашир туршлагатай тоглогчдын нэг Т.Мөнхсүлд. Гурвын шидэлтийн мастерууд энэ багт багталцахгүй шахуу байсан. Э.Дөлгөөнийг талбайд гарахад л үзэгчид жавьжны мастер гарлаа хэмээн хэлэлцдэг билээ. Э.Дөлгөөнөөс гадна, Ц.Азбаяр, Г.Баттөр, Т.Санчир, Б.Батжавхлан, Д.Бат-Орших гээд лигийн гурвын шидэлтийн мангасууд мөн Э.Ууганбат, У.Оргил, Ч.Отгонбаатар нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг лигийн аварга аваагүй нь итгэмээргүй зүйл болсон юм. 
Сагсан бөмбөгийн холбооны буруутай шийдвэр ч энэ багийн амжилтад сөргөөр нөлөөлсөн. Тоглолтын үеэр танхимд үзэгчид муудалцсаны бурууг МСБХ дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэвт тохож, 2 жил дасгалжуулах эрхийг нь хасах шийдвэр гаргаж байжээ. Ийм дүрмийн бус шийдвэрийг хариуцлагагүй, ёс зүйгүй, дүрмээрээ ажилладаггүй СБХ л гаргаж чадна. Хэдийгээр энэ шийдвэрээ цуцалсан ч гэсэн дасгалжуулагчийг маш чухал, шийдвэрлэх тоглолтын үеэр 3 тоглолт дараалан тоглолт дасгалжуулах эрхийг нь хасах шийдвэр гаргаж байсан нь мөн л дүрмийн бус шийдвэр байсан юм. Сагсан бөмбөгийн холбооны дүрэмгүй шийдвэрийн улмаас багийн амжилт буурахад бүх бурууг дасгалжуулагчид тохсон байх. 
Дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан багш дасгалжуулагч билээ. Дээр нэр дурдсан тамирчдаас гадна өнгөрсөн жил "Офицерууд" багийн бүрэлдэхүүнд тоглосон А.Од, "Харцага" багийн бүрэлдэхүүнд тоглосон   Ү.Давхарбаяр, "Хасын хүлгүүд" багийн бүрэлдэхүүнд тоглосон Н.Золжаргал, О.Ууганбаяр, Данди нар, "Ирвэс" багийн С.Очхүү, Бямбадорж нар, TLG13 багийн Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар болон дасгалжуулагч С.Тулга нь ч түүний шавь билээ. Өнгөрсөн жилийн лигийн тэргүүн толгогч Ц.Мэргэн мөн л түүний шавь нарын нэг. Лигийн тэмцээнд тоглож буй түүний шавь нарыг бүгдийг нэрлэнэ гэвэл их цаг орно.
Г.Ихбаяр, О.Сайнбаяр, Ц.Мэргэн нарын лигийн тэргүүн тоглогчид тэргүүтэй түүний шавь нар багтшайгаа хамт лигийн аварга болно гэсэн зорилготойгоор нэгдэж МВМ клубийг байгуулан, лигийн хамгийн хүчирхэг багийг бүрдүүлсэн боловч харамсалтайгаар тэдний энэ зорилго биелэхгүй нь бололтой. Энэ жилийн лигийн тэмцээнд энэ хүчирхэг баг үгүйлэгдэх бололтой.  Багшийгаа гэж цугласан МВМ-н үнэнч шавь нар нь яах бол... ?










1 comment: